УИХ-ын дарга М.Энхболдын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг

Хамаарах огноо: 2016-09-01 01:00

2016.09.01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

Хүүхэд багачууд, сурагчид аа,

Та бүхэнд болон та бүхнээр уламжилж, Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн энэ хүндтэй индэр дээрээс Монгол Улсын өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийг хийж байгаа хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхэд багачууд сургуульдаа, анги танхимдаа цуглаж, зуныхаа амралтаар болсон үйл явдлууд, зуныхаа даалгаварыг хийж хэрэгжүүлэх талаар болон ямар амжилт гаргасан талаараа ярилцаж хөөрөлцөж, ижил дасал болсон хүүхдүүд сургуулийнхаа анги танхимд цугладаг. Сурагч хүүхдүүдээ хүлээсэн, хүссэн багш нар хүүхэд багачуудтайгаа уулздаг. Арван жилийн босгыг анх алхаж байгаа алдрай бяцхан хүүхдүүд цүнхээ үүрч, сургуульдаа ирдэг. Ийм сайхан баярт үйл явдал болдог уламжлалтай. 1 дүгээр сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал гэдгийг хүүхдүүд та бүхэн бодох ёстой. Энэ сургуулиас сургуулийнхаа нэрийг дүүрэгтээ гаргасан, дүүргийнхээ нэрийг нийслэлд алдаршуулсан, нийслэл хотынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй, мэргэн хүүхэд, залуучууд олонтой төрж гарсан алдартай сургууль юм. Энэ сургуульд сурна гэдэг, эндээс гарч бие хүн болж хүмүүжинэ гэдэг бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон хүнд бэрхшээл зорилтуудыг биелүүлж, түүнийг даван туулах чадвартай хүмүүс болж хүмүүжин төлөвшинө гэсэн үг. Тийм учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж, сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе.

Мөн энэ сургуульд ажиллаж байгаа багш нар бол улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний сайн багш нар байдаг. Энэ сургуульд хичээл зааж байгаа багш нарын сургалтын арга зүйг улс орон даяар түгээж, дэлгэрүүлж хэрэглэдэг. Монголын боловсролын сор нь болсон багш нар ажиллаж ирсэн түүхтэй. Энэ сургуульд Монголын боловсролын салбарын алдар нэртэй, эрхэм гавьяа хүртсэн Д.Гомбосүрэн захирал, С.Цагаан багш, Р.Цэрэннадмид багш гээд олон хүндтэй ахмад буурлууд ажиллаж байсан. Би хувь хүнийхээ хувьд энэ сургуультай амьдралаараа холбоотой. Би 1982 онд энэ сургуулийг төгсөж, Монгол Улсын Их Сургуульд орж, суралцаж байсан. 1952 онд миний ээж, аав хоёр энэ сургуулийг төгсөж байсан. 2000 оны эхэн үед миний хүү, охин хоёр ч энэ сургуулийг төгссөн. Надад орос хэлний хичээл зааж байсан, хүүгийн минь ангийг удирдаж байсан Монгол Улсын гавьяат багш Ш.Дулмаа энд сууж байна. Миний гэр бүлийн хүнд гэр ахуйн хичээл зааж байсан, миний охины анги даасан багш Отгонжаргал мөн энд сууж байна. Ингээд үзэхээр миний ээж аав, үр хүүхдүүд энэ сургуулиас эрдэм номын анхны алхамаа хийж, амьдралтайгаа залгаж байсан сайхан сургууль юм. Сургуулийнхаа энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Хамт суралцаж байсан нөхдүүд маань ч гэсэн өнөөдөр хүүхэд, багачуудаа сургуульдаа элсүүлэхээр ирсэн байгаа харагдаж байна. Нийслэлийн 1 дүгээр дунд сургуульд элсэн орсон нэгдүгээр ангийн хүүхдүүд, суралцаж байгаа нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эрдэм номын цагаан буян та биднийг ивээж, тэтгэж байхын ерөөлийг дэвшүүлье.

Би сургуулийн нээлтэд хүрэлцэн ирсэн завшааныг тохиолдуулан мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэж байна. Түүнийхээ дээжийг сургуулийн захиралд гардуулан өгье.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Үүсгэсэн: 2016-09-22 23:51
Мэдээллийг ачааллаж байна ..