МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцов

Хамаарах огноо: 2016-09-01 01:09

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2016.09.01/ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцов. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, түүхт 65 жилийн ой тохиож байгаа, энэ хугацаандаа улс орны хэмжээнд 70 000 гаруй багш бэлтгэн, боловсролын салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ирсэн хувь нэмрийг үнэлж, нөгөөтэйгүүр, даян дэлхийн энх тайван, найрамдлын билэг тэмдэг болсон Олимпийн их наадамд амжилттай оролцсон медалийн эздийг төрүүлсэн хамт олон учраас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцож буйгаа хэллээ. 

Тэрээр, Монгол Улсын Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг танилцууллаа. Түүнчлэн оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх 2016 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгааг онцолсон юм. Үргэлжлүүлэн “Боловсролын санг шинэчлэн зохион байгуулж, тус сангаас боловсролын зориулалтаар зээл олгодог, сургуулиа төгсөөд зээлсэн мөнгөө эргүүлж төлдөг тогтолцооны эхлэлийг тавьж, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж, энэ төсвийн тодотгол батлагдмагц хэрэгжихээр болж байгаа. 

Мөн оюутнууд сурахын зэрэгцээ ажил амьдралын дадлага сууж, амьдралдаа хэрэгцээтэй байгаа санхүүгээ шийдвэрлэхээр хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ирэх дөрвөн жилийн хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд оюутнуудын хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн орон нутгаас ирж суралцдаг оюутнуудын хувьд тун чухал асуудал болдог дотуур байрны хүрэлцээ, хангамж, үйлчилгээг сайжруулах, оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг Та бүхний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө Засгийн газар боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дуулгахад таатай байна” гэв. 

Төр засгаас цаашид боловсролын салбарт илүү их анхаарал хандуулах бодлого баримтлах талаар Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд оюутан залуучууд болон эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэв. 

Монгол Улсын Боловсролын Их Сургуульд энэ хичээлийн жилд бакалаврын түвшинд 13 000, магистр, докторын түвшинд  2000 гаруй оюутан суралцаж байгаа бол нийт 23 мэргэжлээр 2800 гаруй оюутан шинээр элссэн болохыг тус сургуулийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлоллоо. Энэ хичээлийн жилд багш бэлтгэх шинэ стандарт, сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн, чанарыг эрс сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Орчин үеийн боловсрол судлал, сурган судлал, сэтгэл судлалын арга зүй, технологид суралцсан эрдэм мэдлэгтэй багш нарыг бэлтгэхээр зорьж, оюутан төвтэй олон арга хэмжээг явуулах төлөвлөжээ. 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийнхаа харьяа лицейг нээсэн бол энэ хичээлийн жилд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгааг дурдав. Түүнчлэн МУБИС-ийн оюутан Б.Сумьяа 2016 оны зуны олимпод амжилттай оролцон, мөнгөн медаль хүртсэн бол шинээр элсэн суралцаж буй Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг доктор, профессор Д.Мөнхжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. 

Тус сургууль 2013 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг гаруулж байгаа аж. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үеэр өндөр оноотой оюутнууд болон Олимпийн мөнгөн медальт тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа, Олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт тэтгэлэг гардууллаа. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус сургуулийн багш, оюутнуудын бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэнг үзэж, сонирхов. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, багш, оюутнууд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Үүсгэсэн: 2016-09-22 23:09
Мэдээллийг ачааллаж байна ..